Меню

НАНЬ ВАНЬ САРМАГЧИНГИЙН АРАЛ


НАНЬ ВАНЬ САРМАГЧИНГИЙН АРАЛ

 

 

Сармагчингийн арал нь Саняа хотоос 65 орчим км, Хайнаны Лин Шуй сумаас урагш 14 орчим км-т, гурван талаараа далайд хүрээлүүлсэн Хятадын цор ганц арал хэлбэрт байгалийн тусгай хамгаалалттай бүс нутаг юм. Арал дээр халуун бүсийн ургамал 400 гаран нэр төрөл, 100 гаран нэр төрлийн амьтан, балар эртний онгон байгаль болон 2500 гаран улсын 2-р зэргийн хамгаалалтанд орсон Macaque төрлийн сармагчин байдаг хүмүүс тус аралд Сармагчингийн арал хэмээх нэрийг өгсөн байна. Жуулчидын үзвэрүүд нь арал дээр байдаг тул арал дээр очихын тулд агаарын дүүжин замаар шууд очих эсвэл усан онгоцоор аралд хүрч үзвэрийн газрын тусгай зориулалтын жуулчны унаагаар хүргүүлж болох ба 8-10 минут л зарцуулах болно. Та дотогш оронгуут нэгэн том сармагчин Дарвины “Хувьслын онол” ном дээр сууж байх том хөшөөтэй таарах болно. Тус хөшөөг Америкын алдарт Улаан капаталист Др. Хамор Ленинд бэлэглэсэн хөшөөний хуулбар болох юм. Үүний дараагаар та сармагчингуудын элдэв төрлийн үзүүлбэрүүдийг үзэх ба жишээлэхэд Зочин угтах ёсолгоо, 5 одтой буудлын бассейнд сэлж, шумбаж, үсэрч байгаа сармагчин зэрэгтэй таарна. Мөн сармагчингийн циркийн үзүүлбэрүүд таныг уйдаахгүй гэдэгт итгэж байна.

 

 

1995 оны судалгаагаар тус арал дээр 388 нэр төрлийн ургамал, ойн бүрхүүл нь 95%, хөхтөн амьтан 15 нэр төрөл, 57 төрлийн шувуу, 2 нутагтан мөлхөгч төрөл 17, Macaque сармагчин 1965 оны 5 сүрэг 100 гаран л байснаас өсч 20 гаруй сүрэг 1500 орчим болсон байна. Арал дээр сармагчингаас гадна усны буга, муурын төрлүүд, Леопард муур, Усны тарвага, хуягт зараа зэрэг 20 гаран нэр төрлийн амьтан, 30 гаран нэр төрлийн шувуу болон мөн аварга могой, аварга гүрвэл зэрэг бий. 20-р зууны 30-аад оноос 50 он хүртэл хугацаанд Сармагчингийн арал нь 2 удаагийн эвдлэн сүйтгэгдэж 1965 оноос эхлэн байгалийн хамгаалалтанд авахад ердөө 5 сүрэг 100 гаранхан сармагчин үлдсэн байсан байна. 1999 оны 7 сард Хайнаны Сантэ агаарын троссон замын компани, Лин шуй сумын ой шугуйн газар болон Лин шуй сумын аялал жуулчлалын газар 3 талаас хамтран хувьцаат компаний хэлбэрээр Хайнан Лин шуй сармагчингийн арлын аялал жуулчлалыг хөгжүүлэх ХХК байгуулан тус оны 10-р сараас эхлэн Сармагчингийн арлын паркын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн түүхтэй.

 

 

Macaque Сармагчин

Macaque Сармагчин нь халуун орны сармагчин бөгөөд мөн Гуанши сармагчин хэмээн нэрийддэг, улсын 2-р зэргийн хамгаалалтанд орсон амьтан. Таныг агаарын замаар яваад бууж ирэхэд тань үүдэнд олон сармагчингууд таныг хүлээн суух болно. Тэд зарим нь суучихсан эсвэл дээшээ таныг өлийн харж, нүд нь эргэн тойрноо маш анхааралтай ажиглан амнаасаа тасралтгүй дуу гаргах бөгөөд таниас идэх юм нэхэж байх мэт санагдах болно. Сайн сармагчингууд нь архи тамхи хэрэглэхгүй харин муу сармагчингууд нь архи тамхи хэрэглэдэг болно.

 

 

Амьдралын хэвшил

Энэ төрлийн сармагчин нь биеэр их жижиг, маш сэргэлэн, үс ноос нь хольцгүй цэвэр, биеийн жин нь 10кг-с дээш байдаггүй, 25 жил орчим насалдаг. Биеийн хэм нь 38℃ байдаг бөгөөд хүнээс арай өндөр байдаг. Эм сармагчин нь үр төлөө 6 сар тээдэг бөгөөд амьдралдаа 8-12 моньд гаргадаг, маш ховор ихэрлэдэг. Жилийн 5-6-р саруудад л төллөдөг бөгөөд моньд нь төрсөнөөс хойш хэдхэн сар болоод л хөхнөөсөө гардаг бөгөөд жилийн дараа биеэ даан амьдрах боломжтой болдог. 5-6 нас хүрсэнийг насанд хүрсэнд тооцох бөгөөд энэ насанд хүрсэн эр сармагчингууд сүргээсээ хөөгдөн гарч бие даан амьдрах шаардлагатай тулгардаг бол цөөн хэдэн Хаандаа үнэнч нь сүрэгтээ үлдэж чаддаг байна. Macaque Сармагчин нь сүрэглэж амьдардаг бөгөөд эм сармагчин болон тэдний моньд нараас бүрэлдэн тогтоно. Эм сүрэг бүрт нэг сүргийн хаан толгойлох бөгөөд тэд өөрсдийн нутагтай, тэр нутагтаа л нааш цааш идэвхитэй амьдарч сүрэг хооронд харилцаа үүсгэхгүй ба сүрэг бүрийн тоо толгой өөр өөр байдаг. Энэ нь бас сүргийн толгойлогч Хаанаас шалтгаалах бөгөөд толгойлогч хүчтэй байвал хамгийн үр өгөөж бүхий нутаг дэвсгэрийг эзэмших ба хүчгүй муу толгойлогчтой сүрэг захдуу нутгаар нутаглана. Хэрвээ санаандгүй өөр сүргийн нутаг дэвсгэрт нэвтэрвэл хоорондоо ширүүн зодоон үүсэх бөгөөд аль нэг сүрэг нь зугатаж явах хүртэл үргэлжилнэ.

 

Толгойлогчийн эрх мэдэл:

3 онцгой эрхийг эдэлдэг. 1-т: Эрх чөлөөтэй, идэх унтах хөдлөх нь өөрийн дураар, сайн идэх зүйл байвал толгойлогч эхлээд идэх бөгөөд бусад нь түүнтэй булаацалдах эрхгүй. Толгойлогчийн очсон газарт бусад нь зам зай тавьж өгөх бөгөөд тэр хаа нэгтээ явах бол сүүлээ өргөн урд нь гарч бусад нь үг дуугүй араас нь дагана. 2-т: Удирдах эрх, дурын сармагчингаар харуул хийлгэх бөгөөд бусад нь бас ээлжлэн харуулдана. 3-т: Эвцэлдэх эрх, сүргээс дурын эмэгчинг сонгон өөрийн хатан болгох ба яг эртний хаан шиг олон хатан шивэгчинтэй болдог. Ер нь бол хамгийн үзэсгэлэнтэй залуу 10 гаран эмэгчинг сонгон эхнэрээ болгох бөгөөд бусад эрэгчин нь ойртохыг зөвшөөрөхгүй, хэрвээ дүрмийг зөрчвөл сүргээс хөөх, хүндэрвэл хазаж алах хүртэл арга хэмжээ авдаг.

 

 

Анхааруулга: 1. Билетийг 8:00-16:30 хооронд худалддаг тул үдээс өмнө очвол хамгийн сайн бөгөөд танд тав тухтай аялах хугацаа хангалттай байх болно. 2. Сармагчингийн аралруу явахдаа улаан өнгийн хувцасыг сонгохгүй байхыг зөвлөе, эм сармагчингуудын атаархалыг төрлүүлдэг тул таны хувцасыг урж тасдах болно. 3. Сармагчинг хооллохоор бол өгч байгаа зүйлээ нэг доор өгөхийг зөвлөе, эс бөгөөс гартаа үлдээвэл сармагчин өөрийг нь өдөж байна гээд ойлгоод танруу дайрч булаах оролдлого хийдэг болно. 4. Гартаа гялгар уут зэрэг барьж явахгүй байх, эс бөгөөс сармагчнууд хоол гэж бодоод танруу дайрч булаах болно. 5. Сармагчинтай удаан харц тулгарч болохгүй, эс бөгөөс сармагчин бас л таныг өөрийг нь өдөж байна гэж ойлгох бөгөөд мөн танруу дайрч маажиж хазах болно. 6. Арал дээрхи сармагчингууд хүнээр хооллуулсаар маш сэргэлэн болсон тул тэдний өмнө гар цүнх, апаратны цүнх, үүргэвч зэргээ уудлахгүй байх, тэд таныг өөрийг нь хооллох гэж байна бодоод танруу дайрч эд зүйлсийг чинь булааж зугатаах болно. 7. Сахилгагүй сармагчингууд таны мөр, толгой дээр авирч гарах тохиолдол их байдаг ба энэ үед та хоёр гарын алгаа дээш харуулан гараа дэлгэх хэрэгтэй, ингэснээр танд өгөх юм байхгүй гэдгийг тэд ойлгоод өөрсдөө тан дээрээс бууж явах болно.